Сүүлийн үед дэлхий нийтээр Netflix-ийн “When Life Gives You Tangerines” олон ангит кино болон JTBC, BBC-ийн хамтран бүтээсэн “Deep Dive Korea: Song Ji Hyo’s Haenyeo Adventure” баримтат кинонд Хаэнёо (Haenyeo) хэмээх содон эмэгтэйчүүдийн тухай өгүүлснээр сонирхол татаж байна. Хаэнёо буюу далайн хүүхнүүд нь амьсгалах тусгай төхөөрөмжгүйгээр далайн гүнд шумбаж, хүнс болон далайн гаралтай бүтээгдэхүүн түүдэг эмэгтэйчүүдийг хэлдэг. Тэдний хөдөлмөрч амьдрал, байгаль дэлхийтэйгээ шүтэлцсэн соёл нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна.

Хаэнёогийн үүсэл ба түүх
Хаэнёогийн нэршил нь бүс нутгаасаа хамаарч өөр өөр байдаг. Өмнөд Солонгосын өмнөд эрэгт “мурэккүн”, Жэжү арал дээр “жамнёо” буюу “жамсү” гэж нэрлэдэг байв. “Хаэнёо” хэмээх нэр нь Японы эзэрхэн байх үед гарч ирсэн бөгөөд 1980-аад оноос хойш өргөн хэрэглэгдэх болжээ.
- 1876 онд боомт нээгдсэнээр Жэжү арлын далай эзгүйрч, хаэнёо нар амьжиргаагаа залгуулахын тулд Солонгосын хойгийн хойд, өмнөд, баруун, зүүн эрэг төдийгүй Япон, Владивосток, Хятадын зэрэг гадаад орнуудад нүүдэллэн хэдэн сараар ажилладаг байв.
- 17-р зуунд Жосон улсын үед Жэжүд “Эр нүүх хориотой” хэмээх хууль үйлчилж, хүмүүсийг эх газраас ирж ажиллахыг хориглосон нь хаэнёогийн үйл ажиллагааг эрчимжүүлжээ.
Эрт үеийн баримтуудад хаэнёогийн тухай мэдээлэл тэмдэглэгдсэн байдаг. Гурван улсын түүх болон Күрёо, Жосоны үеийн түүхэнд “нүцгэн ажиллахыг хориглосон” зэрэг бичгүүдээс хаэнёо, мөн хаэнам буюу далайн эрчүүд ч оршин тогтнож байсныг харж болно.
Хаэнёогийн багаж хэрэгсэл ба ажлын арга барил
Хаэнёо нар зөвхөн усанд сэлэх, шумбах чадвараар хөдөлмөрлөдөггүй. Тэд дараах тусгай багаж хэрэгслийг ашигладаг:
- Тэуак: Хөвөгч буй буюу хөвүүр. Бариулаа түшин хөвөх зориулалттай.
- Маншири: Тэуак дор бэхэлсэн, далайн бүтээгдэхүүн хийх зориулалттай тор.
- Бичхан, Жонгэхоми, Галгори: Далайн гаралтай бүтээгдэхүүн түүхэд ашигладаг төмөр багажууд.
- Мульот: Тусгай хувцас. Эхэндээ даавуун материалтай байсан бол одоо резинэн шумбалтын хувцас хэрэглэх болжээ.
- Нун: Усан дотор харах зориулалттай нүдний шил.
Эдгээр багаж нь хаэнёод аюулгүй, үр дүнтэй ажиллахад тусалдаг.
Хаэнёогийн сургалт ба нийгэмлэг
Хаэнёо болох нь зөвхөн ур чадвараар хязгаарлагдахгүй, үе дамжсан сургалт, хариуцлагатай үйл явц юм.
- Бага насанд хүүхдүүд “аэгибаданг” хэмээх гүехэн усан дотор сэлэх, шумбах дасгал хийж эхэлдэг.
- 15-16 нас хүрэхэд гүн рүү шумбаж, анхны усан доорх хөдөлмөрөө эхлүүлдэг.
- Тэдний ур чадвар, туршлагаас хамааран Санггун (дээд зэрэглэлийн), Жунггун (дунд зэргийн), Хагун (доод зэрэглэлийн) гэсэн гурван түвшинд хуваагддаг.
- Санггун буюу дээд зэрэглэлийн хаэнёо нар нь бусад хаэнёод өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, нийгэмлэгээ удирддаг.
Энэхүү тогтолцоо нь хаэнёогийн соёл, мэдлэгийг хойч үедээ үргэлжлүүлэн дамжуулах гол үндэс болдог.

Хаэнёогийн соёл дэлхийд танигдсан нь
Хаэнёогийн соёл нь зөвхөн Солонгосын онцлог төдийгүй дэлхий нийтэд үнэ цэнэтэй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
- 2016 онд “Жэжү хаэнёогийн соёл” ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Энэ нь агаарын төхөөрөмжгүйгээр шумбаж, далайн бүтээгдэхүүн түүдэг “мульжил” хэмээх уламжлалт арга, мөн далайн бурханд өргөх “жамсүгүүд” зан үйл зэрэг олон төрлийн соёлыг багтаадаг.
- 2017 онд Солонгос улс “Хаэнёо”-г Үндэсний биет бус соёлын өв №132-аар бүртгэжээ.
Эдгээр үйл явдал нь хаэнёогийн соёл, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, нийгмийн үнэт зүйлийг дэлхий дахинд таниулж, хамгаалах чухал алхам болсон.
Хаэнёогийн ирээдүй
Далайн хүүхнүүдийн тоо буурч, насжилт ихсэж байгаа хэдий ч тэдний өвөрмөц соёл, түүх нь олон нийт, ялангуяа залуу үеийнхний сонирхлыг татсаар байна. “When Life Gives You Tangerines” болон “Deep Dive Korea” зэрэг контентууд нь энэ соёлыг дэлхийн олон оронд хүргэж, уламжлан хадгалахад томоохон хувь нэмэр оруулж байна.